Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, ажил эрхлэх, мэдээлэл авах, олон нийтийн газраар зорчих, үйлчлүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, төрийн үйлчилгээ хангалтгүйгээс тэдний бие даан амьдрах чадвар буурч, нийгмийн тэгш оролцоо нь хязгаарлагдаж байна. 

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи ойлголт дутмаг, нийгмийн хандлага төлөвшөөгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмзэг байдлыг улам лавшруулж, ялангуяа охид эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийллийн зохиос болгох, тэдний өмнөөс албадан шийдвэр гаргах зэрэг хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудлууд гарсаар байгаа нь олны сэтгэлийг эмзэглүүлж байна.   

Зөрлөг нэртэй энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн зовлон, жаргал, уналт, амжилтын харилцан адилгүй түүхийг олон нийттэй хуваалцах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, хэрэгцээт мэдээллээр хангах цахим платформ юм. 

Уг төсөл нь нийгэмд оршин буй ижил, тэгш бус нөхцөл байдлын талаар хүмүүст гүнзгий ойлголт өгч, бие биедээ хүнлэг хандах, хүний эрхийг дээдлэх сэдлийг өдөөх, цаашилбал ялгаварлан гадуурхал, хүчирхийллийн учир шалтгаан, нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахтай холбоотой төрийн зохицуулалт, үйлчилгээ манай улсын нийслэл хот болоод алс хязгаар нутагт ямар байгаа, хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн дундах мэдлэгийн ялгаа хэр байгааг тодруулах зорилготой юм.  Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд урам зориг өгч, нийгмийн хандлагад эерэг өөрчлөлтүүд авчирна гэж найдаж байна.  

Зөрлөг төсөл нь америкт төгсөгчдөд зориулсан олон улсын хэмжээний уралдаанд оролцож нийт 1200 төслөөс шалгаран санхүүгийн тэтгэлэг авсан ба АНУ-ын Төрийн Департмент, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Бид Чадна ТББ, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Монголын Америкт төгсөгчдийн холбооны гишүүд хамтран хэрэгжүүлж байна.

AIEF