Хүмүүн Бие Даан Амьдрах Төвийн тэргүүн Ганчимэгийн амьдралд тохиолдсон зарим үйл явдлуудад хуульч Х.Наранбулагийн хийсэн дүн шинжилгээ, зөвлөгөө

(Видеоноос Ганчимэгийн ярилцлагыг үзэж түүхийг нь сонссорой)

Ганчимэгийн ямар эрх, хэрхэн зөрчигдсөн бэ?

Нэг. Эцэг эх болох, гэр бүл төлөвлөх, нөхөн үржихүйн шийдвэрээ өөрөө гаргах эрх зөрчигдсөн

Ганчимэгийг эмнэлэгт очиход эмч нь түүнд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийлгүйгээр зөвхөн түүний хөгжлийн бэрхшээлийг харж, шууд “төсөөлөл, таамаг” гаргасны үндсэн дээр буюу шинжлэх ухааны дүгнэлтгүйгээр “чи төрж чадахгүй, хүүхдээ авахуул” гэж хэлж Ганчимэгийн жирэмслэлтийг өөрийг нь зөвшөөрөөгүй байхад таслан зогсоох гэсэн оролдлого нь, мөн түүнчлэн аймгийн эмнэлгийн эмч нар нь түүнийг “өөрийгөө яая гэж байж яах гэж жирэмсэн болдог юм” гэж хэлсэн харилцаа, хандлага зэрэг нь Ганчимэгийн “эцэг эх болох, гэр бүл төлөвлөх, нөхөн үржихүйн шийдвэрээ өөрөө гаргах” эрхийг ноцтой зөрчсөн.

Хоёр. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдсөн

Ганчимэг жирэмсэн болсноо мэдээд эмнэлэгт очиж эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх мөчөөс эхлээд жирэмсний хяналтын үзлэг хийлгэх, хүүхдээ төрүүлэх хүртэлх жирэмсний бүхий л үе шатуудад тэрээр эмнэлэгрүү орох хаалганаас эхлээд, эмнэлгийн шат, үзлэгийн ор, хүүхэд төрүүлэх ор гэх мэт бүхий л дэд бүтцийн хүртээмжгүй байдалтай тулгарч байсан нь түүний “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувиар” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг ноцтой зөрчсөн

Гурав. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүний  эрх зөрчигдсөн

Ганчимэгт тохиолдсон дээрх бэрхшээлүүд нь сууриараа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүний үндсэн эрхийг зөрчсөн.

Ганчимэгийн зөрчигдсөн эрх ямар хууль тогтоомжоор хамгаалагдсан бэ?

>> МУ-ын ХБХЭ-ийн тухай Хуулийн 6.3.5-р зүйлд “. . хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах нь ялгаварлан гадуурхалт мөн” гэж заасан;

>> НҮБ-ын ХБХЭ-ийн тухай Конвенцын 23.1(b)-р зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь хэдэн хүүхэдтэй болох, тэдгээр нь хоорондоо ямар хугацааны зайтай төрөхийг өөрөө чөлөөтэй шийдвэрлэх эрхтэй гэдгийг Конвенцэд нэгдэн орсон улс баталгаажуулах арга хэмжээ авах үүрэгтэй, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний гэрлэлт, эцэг эх болохтой холбоотой бүхий л төрлийн ялгаварлан гадуурхалтыг арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан.

>> МУ-ын ХБХЭ-ийн тухай Хуулийн 20.2-р зүйлд “Эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог, хэрэгцээ шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна” гэж заасан.

>> НҮБ-ын ХБХЭ-ийн тухай Конвенцын 25-р зүйлд “Конвенцэд нэгдэн орсон улс нь өөрийн улсад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд бусад энгийн хүмүүсийн нэгэн адил хүртээмжтэй, чанартай, зохих стандартыг хангасан эрүүл мэндийн үйлчилгээг, тэр дундаа бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр үзүүлэх үүрэгтэй” гэж заасан.

>> МУ-ын ХБХЭ-ийн тухай Хуулийн 29.1.1-р зүйлд “хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан.

>> НҮБ-ын ХБХЭ-ийн тухай Конвенцын 6.1-р зүйлд “Конвенцэд нэгдэн орсон улс нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ба охид нь олон давхар ялгаварлан гадуурхалтад өртөх өндөр магадлалтай байдгийг хүлээн зөвшөөрч улмаар үүнээс урьдчилан сэргийлж, эдгээр эмэгтэйчүүд ба охид нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг бусдын адил тэгш, бүрэн эдлэх нөхцөл, баталгаагаар хангах арга хэмжээг авна” гэж заасан.

Ганчимэг эрхээ хамгаалахын тулд юу хийж болох байсан бэ?

Эмнэлгийн удирдлага, харъяа дүүргийн Засаг дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлд (Ерөнхий сайдын дэргэдэх үндэсний зөвлөлд) гомдол, санал гаргаж болно.

Гомдлоо бичгээр гаргаж, түүнд шийдвэрлэж өгөх хугацаа тусгавал сайн (Хуульд зааснаар төрийн байгууллага 30 хоногт хариу өгөх үүрэгтэй)

Хуульч болон хүний эрхийн мэргэжилтнүүдэд хандаж зөвлөгөө авах (Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандах)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудад хандаж зөвлөгөө авах

Цаашид Ганчимэгийн эрхийг хамгаалахад МУ-ын Засгийн газар ба эмнэлэг юу хийх шаардлагатай вэ?

>> Засгийн газраас бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэдгээрт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх арга зүйн талаар үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах, үндэсний хэмжээний сургалт, суртчилгаа зохион байгуулах

>> Ганчимэгийн эмнэлэг нь эмч ажилтнуудынхаа дунд ХБХ-ий эрхийн талаар тогтмол сургалт зохион байгуулах (ХБХЭ-ийн тухай хуулийн 7.1.1-р зүйл);

>> Эмнэлгийн зүгээс тэргэнцэртэй хүнд тохирсон орц гарц, шат, үзлэгийн ор, төрөх ор болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтцийг бий болгох;

>> Эмнэлэг нь Ганчимэгийн хувь хүний чадамж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх.

>> Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх (ХБХЭ-ийн тухай Хуулийн 7.1.2-р зүйл)